UNFRIEND хөдөлгөөний элч нарыг цагдаагийн байгууллагаас шагналаа

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл Цагдаагийн ерөнхий газартай хамтран иргэд, тэр дундаа өсвөр насны хүүхэд, залуусыг цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт хүчин зүйлээс хамгаалах, цахим орчин дахь зохистой хэрэглээг бий болгох зорилготой ” #UNFRIEND ХӨДӨЛГӨӨН” -ийг өнгөрсөн есөн сард зохион байгуулсан.

Тус арга хэмжээний үеэр цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх , нөлөөлөх, мэдээлэл хийх, зөвлөгөө өгөх гэх мэт олон төрлийн үйл ажиллагааг хийсэн бөгөөд нэр хаяггүй, зураггүй #фэйсбүүк найз нараа #UNFRIEND хөдөлгөөнийг өрнүүлсэн юм.
Б.Анхбаяр буюу A Cool, “Хүүхэд эрдэнэ” сангийн тэргүүн, эрх зүйч, олон улсын мисс Б.Гүнзаяа нар нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Unfriend” аяны элчээр сонгогдож, өсвөр үе, залуучуудыг энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор өөрийн дуу хоолойгоо нэгтгэсэн билээ.
Тэгвэл цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх их үйлсэд гар бие оролцон олон нийтийг цахим зөв хэрэглээнд уриалсан “Unfriend” дууг бүтээж, иргэний үүргээ биелүүлсэн Б.Анхбаяр болон Б.Гүнзаяа нарыг ЦЕГ-аас “Цагдаагийн төлөө” тэмдгээр шагналаа.
Дуучин A Cool-ын хувьд UNFRIEND дуугаараа цахим орчинд үйлдэгдэж болох гэмт хэргээс өөрийгөө хамгаалах, цахим сүлжээг зөв хэрэглэж дадахыг олон нийтэд уриалсан бөгөөд уг бүтээл нь олон нийтэд цацагдаад удаагүй байгаа ч энэхүү уран бүтээл нь хэдэн мянган үзэгч, сонсогчийн хандалтыг авч, нийгэмд эерэг нөлөө үзүүлсээр байна.

Эх сурвалж: arslan.mn