Б.Гүнзаяа: Сайн мисс болохын тулд илүү их хөдөлмөрлөх хэрэгтэй

Дэлхийд чансаагаараа тэргүүлдэг “Miss Universe” тэмцээний Монгол дахь шалгаруулалт амжилттай болж өнгөрсөн билээ. Монгол Улсад хоёр дахь удаагаа зохиогдож буй уг тэмцээний энэ жилийн ялагчаар “Хүүхэд эрдэнэ сан”-гийн тэргүүн, “Unfriend” аяны санаачлагч, мисс Б.Гүнзаяа шалгарч, эх орноо төлөөлөн 68 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд оролцохоор энэ сарын 26-нд АНУ-ын Атланта хотыг зорино. Тэмцээндээ явахаас нь өмнө мисс Б.Гүнзаяатай уулзаж ярилцлаа.
-Юуны өмнө “Miss Universe Mongolia 2019” тэмцээний титмийн эзэн болж, “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох болсонд баяр хүргэе. “Miss Universe 2019” тэмцээнийхээ бэлтгэлд ханцуй шамлан ороод завгүй гүйж яваа ч биднийг урилгыг хүлээн авсанд маш их баярлалаа. Тэмцээний бэлтгэлээ хэрхэн хангаж байна вэ?
-“Miss Universe” тэмцээн бол дэлхийн гоо сайхны олимп гэгддэг маш том тэмцээн. Дэлхийн 1.5-2 тэрбум хүн үздэг энэхүү тэмцээнд маш хариуцлагатай, Монгол Улсынхаа нэрийг, өв соёлыг сурталчлахаар явах болсондоо баяртай байна. Маш их завгүй, шаргуу ажиллаж байгаа. Энэ бол маш их үүрэг хариуцлага. “Miss Universe Mongolia 2019” тэмцээний ялагчаар тодроход маш олон хүмүүс магтсан. Сайны хажуугаар саар гэгчээр олон хүн ч өөлж шүүмжилсэн. Шүүмжийг би ташуур гэж ойлгож байна. Хэт их магтаал сонсвол сайн сайхан үгэндээ бялуурна. Тиймээс аль алийг нь хослуулан магтаалаас урам авч, шүүмж дээрээс алдаагаа засан ташуурдуулаад тэмцээн рүүгээ мордъё доо гэж бодож байна.
-Мэдээж дэлхийн нэр хүндтэй тэмцээнд эх орноо сурталчлахаар явж байгаа учраас маш олон хүмүүс тусалж дэмжиж байгаа. “Miss Universe” тэмцээний үеэр өмсөх үндэсний хувцсыг тань “Торго” салон хариуцаж маш онцлогтой дээл хийж байгаа гэж сонссон. Энэ талаараа ярьж болох уу.
-“Торго” салоныхан бол тайзны чиглэлийн хувцас дизайны тал дээр хамгийн шилдэг нь, олон жилийн туршлагатай гэдгээрээ бол монголчууд бүгд мэднэ. Ганцхан Монголд гэлтгүй олон улсад үнэлэгддэг салонаар үндэсний хувцсаа урлуулж байгаадаа маш их таатай байна. Бид нар хамтарч ажиллаад загваруудаа ярилцаад гаргасан байгаа. Миний хувьд тухайн тэмцээнд яавал амжилт гаргах вэ гэдэг үүднээс тактиктай ажиллаж хувцасныхаа загварыг гаргасан. Загварын тухайд гэвэл Америкчуудын хамгийн үздэг “Star wars” киноны дүр болох Амидала гүнжийн хувцсыг монгол үндэсний хувцаснаас санаа аван бүтээсэн байдаг. Тийм учраас бид үндэсний хувцасны загвараа Амидала гүнжийн дээлний загвараар хийхийг зорьсон. Ингэснээрээ Америкчуудын мэддэг хувцсыг өмсч, “энэ бол манай үндэсний хувцас шүү” гэдгийг илүү сайн таниулж, түгээн дэлгэрүүлэх, үндэсний хувцсаа сурталчлах боломжтой юм.

-Энэхүү тэмцээнд орохын тулд дан ганц гоо сайхан байхаас илүүтэйгээр нийгмийн сайн дурын ажлууд, хүмүүнлэгийн ажлууд хийсэн байх шаардлагатай байдаг. Таныг бол “Unfriend” аяны санаачлагч гэдгээр нь мэднэ. Энэ талаар бидэнтэй хуваалцаач.
-Миний хувьд “Хүүхэд эрдэнэ” сантай үйл ажиллагаагаа явуулаад дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Илүү залуучууд, хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаануудыг удаа дараа зохион байгуулаад ирсэн. Үүний нэг бол арван жилийн болон их сургуулийн оюутнуудад цувралаар хөгжлийн лекцийг тавьдаг. Мөн “Хүүхэд эрдэнэ” сангаараа дамжуулан хамгийн амжилттай санаачилсан төсөл маань бол “Unfriend” хөдөлгөөн байсан. Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлье гэсэн санааг маань Цагдаагийн ерөнхий газар дэмжээд хамтран ажилласан. Энэхүү аян Монголын үндэсний хөдөлгөөн болж чадсан. Монголчуудаас дунд цахим хэрэглээ ямар хүчтэй байгаа нь энэ аянаар харагдсан. Энэхүү аян үр дүнгээ өгч нэг сарын хугацаанд 6.6 сая хүнд хүрснээрээ цахим гэмт хэрэг хоёр дахин бодитойгоор буурсан.
-Энэ удаа уг аянаа өмнөх жилээс ямар ялгаатайгаар явуулах вэ?
–“Unfriend” аян өмнө нь “Таны хүүхдийг танихгүй хүмүүс хүмүүжүүлж байна” уриан доор явагдаж, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замыг эрэлхийлэн ажилласан бол энэ жил “Цахим орчин зөв боловсон ашиглаж, хайр түгээе” гэсэн санаачилга доор үйл ажиллагаагаа явуулах төлөвлөгөөтэй байна. Мөн дан ганц Монголд гэлтгүй цахим хэрэглээ даяаршиж буй энэ үед дэлхий нийтэд ч энэ дуу хоолойг хүргэхээр ажиллаж байна.
-Анх яагаад “Unfriend” төслийг санаачлахаар шийдсэн бэ?
-Би өөрөө эрх зүйч, хуульч хүн. Мөн залуу үеийн төлөөллийн хувьд үргэлж шинийг санаачилж, шинэ зүйлийг хийе гэсэн хүсэл тэмүүлэл асаж байсан. Энэ нь гэнэт л гараад ирсэн санаа биш. Биднээс өмнө ээж аавын минь үед найз нөхөдтэйгөө орцонд уулзаж, нэгнийхээ хаалгыг тогшин биеэрээ уулзаж болздог байсан шүү дээ. Харин одоо үед бид цахим орчинд найз нөхөдтэйгөө уулзах болсон. Манай дүү нар хүртэл фэйсбүүк хэрэглэдэг. Тэгэхээр дүү нар маань миний бичсэн постоор л хүмүүжиж байгаа. Тэгж бодохоор энэ асуудал маш ойрхон санагдсан. Би дүү нартаа маш их хайртай. Яг л над шиг дүүдээ, үр хүүхдүүддээ хайртай ах эгч, аав ээжүүд бий. Тиймээс би тэдгээр хүүхдүүдэд сэтгэлээ зориулж тэднийг минийх, чинийх гэж ялгалгүйгээр халамжилж хамгаалахыг хүссэн. Ийнхүү “Unfriend” аянаа санаачилсан. Уг аян эхэлснээр эцэг эхчүүд миний оролцоогүйгээр үр хүүхдээ асарч халамжлах, хэнтэй нөхөрлөж юу хийж буйд нь анхаарах боломж бүрдэх болов уу гэж бодсон юм.
-Энэ жил Монгол дахь шалгаруулалтад “Хүмүүнлэг мисс” номинац яагаад явагдаагүй юм бол. “Miss Universe” тэмцээнд уг номинац ер нь байдаг уу?
-“Хүмүүнлэг мисс” номинац яагаад явагдаагүйг мэдээгүй. Гэхдээ миний хувьд уг номинацдаа тодорхой хэмжээний юм бэлдсэн байсан. “Miss Universe” тэмцээний хувьд “Зорилтот мисс” гэж байдаг. “Зорилтот мисс”-ийн хүрээнд яг энэ индэр дээрээ юуг хүргэхийг зорьж байгаа юм, чи яг хэн юм бэ, Олон улсад чиний дуу хоолой яагаад хэрэгтэй юм бэ зэрэг өөрсдийнхөө танилцуулгыг бэлтгэх шаардлагатай.

-“Miss Universe Mongolia” тэмцээний үеэр та бусад оролцогчдоос юугаараа онцлог байсан гэж бодож байна вэ?
-Мисс гэдэг бол хөөрхөн царай, гоё биетэй байгаад тайзан дээр гоё даашинз өмсөөд алхахыг хэлдэггүй. Үнэхээр чи мисс болох хүсэлтэй байвал хөдөлмөрлө. Мисс хүн ямар байх ёстойг судал. Үүний дараа зорилго зорилтуудаа тодорхойл. Түүнийхээ дагуу ажлын төлөвлөгөөгөө боловсруулж хөдөлмөрлө. Миний хувьд анх Олон улсын тэмцээнд юу ч мэдэхгүй охин гоё даашинзаа өмсөөд л ордог байсан. Яагаад сүүлийн үед амжилт гаргаж эхэлсэн бэ гэхээр хэн их хөдөлмөрлөж, зохион байгуулалттай оролцсон, хэн энэ тоглоом наадам биш ажил шүү гэж чин сэтгэлээсээ оролцсон нь амжилт гаргадаг гэдгийг ойлгосон. Тийм учраас би уг тэмцээнд цаг хугацаа, ажлаа зохицуулан бие бялдар, эрүүл мэнд, сэтгэл санаа, нийгмийн ажлын хувьд ч цаг хугацаа гаргаж өөрийгөө зориулан байж оролцсон. Миссийн тэмцээн гоё даашинз өмсөөд ороод ирдэг зүйл биш, үүний цаана асар их цаг хугацаа, хүч хөдөлмөр, тэмцээний нэр хүнд, улс эх орны, эцэг эхийн минь нэр хүнд бий. Аливаа юманд хариуцлагатай хандаж байж чамд амжилт ирнэ. Олон улсын тэмцээнүүдийг Филиппиний миссүүд их тэргүүлдэг. Яагаад заавал Филиппин гэж гээд судалсан чинь бүх зүйл нь багаар явагддаг юм байна. Багийн зохион байгуулалт маш чухал. Үс засалт дээр гэхэд би өөрөө зууралдаад байх шаардлагагүй. Чаддаг хүнээр нь үсээ янзлуул, чаддаг хүнээр нь нүүрээ будуул, чаддаг хүнээр нь маркетингаа хийлгэ, чаддаг хүнээр нь даашинзаа урлуул. Бүгдийг нь өөрөө хийх гээд дайрах шаардлагагүй. Чаддаг хүнээр нь өөрийгөө бэлдүүл. Алхаан дээрээ, суулт дээрээ хүртэл зохион байгуулалттай бэлтгэлтэй бай. Тийм ч учраас сая тодорхой хэмжээнд амжилттай оролцлоо гэж бодож байна. Миний ард маш том баг ажилласан. Энэ багаа улам өргөжүүлж, Монголчуудынхаа дуу хоолойг нийлүүлэн “Miss Universe” тэмцээний тайзан дээр эх орноо сурталчлахыг, таниулахыг хүсэж байна.
-Гэр бүлийнхээ талаар ярьж болох уу. Ямар хүмүүжилд өсөж торнисон бэ?
-Би эхээс гурвуулаа. Нэг ах, нэг эгчтэй. Манай аав спортын хүн байсан. Ээж маань ардын багш хүн. Боловсрол, спортын гэр бүлийн отгон охин нь болж мэндэлсэн. Манай гэр бүлийн хамгийн эрхэм үнэт зүйл, зорилго бол боловсрол хүмүүжил. Манай ээж аав “Хамгийн том хөрөнгө оруулалт бол оюуны хөрөнгө оруулалт. Миний хүүхдүүд юуг хийж бүтээж амьдармаар байна? Юу хийж энэ амьдралыг туулмаар байна? Тэр боловсролынх нь үндэс суурийг ээж аав нь тавьж өгье. Цаашаа өөрсдөө дүүлэн нисээрэй” гэж хэлж биднийг сургаж хүмүүжүүлдэг байсан. Тийм ч учраас бид өөрсдийн хүссэн салбартаа тодорхой хэмжээний амжилттай явж байна. Аав минь намайг оюутан байхад өөд болсон. Хэдий аавын минь орон зай үгүй ч манай гэр бүл бие биедээ үргэлж тусалж, дэмжицгээдэг. Тиймээс би ямар ч айдасгүйгээр амжилтын өөд тэмүүлдэг байх. Ах, эгч бид гурвын хамгийн том зорилго бол аль ч салбарт аавынхаа нэрийг өндөрт өргөж явах юм.
-Ярилцлагын төгсгөлд залуустаа хандаж юу хэлэх вэ?
-Охид хөвгүүддээ хандаж хэлэхэд гэр бүл, найз нөхөдтэйгөө нээлттэй байгаарай. Хүн бусадтай ярилцаж байж өөрийгөө олдог гэж би боддог. Мэргэжлээ маш зөв сонгож, сонирхол хоббигоо битгий орхиорой. Би ч гэсэн анх шууд л мундаг болчих юм шиг санадаг байсан. Гэвч бүх зүйлийг төлөвлөж нэг нэг алхмаар хийж байтал хаалга тогшоод боломж ирэх үе байдаг шүү. Илүү их амжилтын төлөө цаашдаа ч хөдөлмөрлөх болно. Хүн болгонд боломж бүхэн нээлттэй. Зөвхөн Монголдоо гэж сэтгэлгүйгээр аль ч салбар олон улсын төвшинд ажиллах боломж байдаг. Сурсан мэдсэн бүх зүйлсээ ирээдүйнхээ амьдралын төлөө хийж байна гэж бодон шаргуу байгаарай гэж хэлье. Мөн удахгүй тэмцээндээ явах гэж байна. Ганцхан би биш гэдгийг Монголчууд маань ойлгоосой. Очоод би угаасаа Гүнзаяа гэдэг нэрээ бараг мартана зөвхөн монгол гэдэг нэр яригдана. Тиймээс хоёр тэрбум хүний өмнө Монгол Улсаа сурталчлах гэж байгаа учраас та бүх маань дэмжээрэй. Та бүхний дэмжлэг маш их хэрэгтэй шүү гэж хэлье.
-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: itoim.mn